Sunday, June 14, 2015

Хүүхдээ суулгалт өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

Хүүхдээ суулгалт өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?
Эрүүл хүүхдийн дийлэнх нь төрснөөс хойш 24 цагийн дотор зунгагаа гаргаж эхэлдэг. Эхийн ангир уураг 100%-ийн найдвартай, аюулгүй “вакцин” гэдгийг бид сайн мэдэх бөгөөд энэ нь мөн хүүхдийн зунгагийг хөөж гаргах “туулгын” үүргийг гүйцэтгэдэг. Эхний 3 хоногийн дотор зунгаг бүрэн гарч дуусна. Үүнээс хойш дан хөхөөр хооллож буй нярай хүүхэд шингэвтэр шар, бижирмэгтэй бааж эхэлдэг. Харин хоногт баах баасны тоо хүүхэд бүрт өөр өөр байна. Зарим хүүхэд хөхүүлсний тоогоор бааж байхад зарим нь 3 хоногт 1 баана. Иймд эхний 1-2 сартайд дунджаар хоногт 4 удаа баадаг гэж үздэг. Баас хэвийн эсэхийг үнэлэхийн тулд хүүхэд биеийн жингээ хэрхэн нэмж байгаа, хөхөндөө сайн эсэх, гэдэс дүүрэх, бөөлжих, халуурах, зулай/нүд хонхойх, баасанд цус, идээ зэрэг эмгэг хольц байгаа зэрэг шинжүүд илэрч буйг заавал харгалзан үздэг.
Цаашид баасны тоо цөөрч (ээжүүд баасаа “хураах” гэж хэлдэг) нэгэн жигд тогтоцтой, алтан шар (тэжээвэр хүүхдийн хувьд боровтор) бааж эхэлнэ.


Хүүхэд ердийн баадгаасаа олон, тогтоц нь шингэрч усархаг болохыг суулгалт гэнэ. Шалтгаан нь дийлэнхидээ вирус (ротавирус, норовирус, астровирус, эховирус, энтеровирус) байх бөгөөд зарим тохиолдолд нян, харшил, антибиотикууд эсвэл идсэн уусан хоол хүнс байж болно. Хүүхдийн нас бага байх тусам ханиад, хатгалгаа, чихний халдвар зэрэг өвчний үед баас нь шингэрдэг.

Хүүхдээ суулгалт өвчнөөс сэргийлэх зөвлөмжүүд:
1. Хөхөөр хооллох
2. Хүүхдийн тэжээлийг найруулж буй болон уулгаж буй ус нь буцалгаж ариутгасан байх
3. Гараа байнга угаах: хөхүүлэх/хооллох, хоол хийхийн өмнө, жорлонд орсон, живхийг сольсны дараа 15 секундээс багагүй хугацаанд савандаж угаах. Хүүхдийнхээ гарыг ч мөн байнга савандаж угаах, ялангуяа хуруу гараа амандаа хийдэг бол
4. Хүүхдийн соосго, угж, тоглоом, хөтөвчийг байнга угааж цэвэрлэх, шаардлагатай бол ариутгах. Гал тогоогоо цэвэр байлгах
5. Хоол ундыг нь бэлтгэх, хадгалахдаа ариун цэвэр эрүүл ахуйн нийтлэг дүрмүүдийг мөрдөх (жимсийг түүхийгээр нь өгөх бол угааж хальслах, бусад бүтээгдэхүүнүүдийг сайтар болгох, удаан хадгалсан бүтээгдэхүүнийг устгах, хоолны савнаас идэх хэмжээгээр нь таслаж авах, хөргөгчийн температур 40С түүнээс сэрүүн байх, хөргөгчийг хэт дүүргэхгүй байх гэх мэт).
6. Чихэрлэг ундаа/цай өгөхгүй, дааруулахгүй байх (гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн ихэсдэг)
7. Нэмэлт хоолонд аажмаар, бага багаар дасгаж оруулах, 1 удаадаа нэг шинэ хоол өгч бүрэн дассаны дараа дараагийн хоолыг өгч эхлэх
8. Хөхөө хөхүүлж байгаа эхчүүд элдэв эмийн бэлдмэл, тураах цай зэргээс татгалзах

Бусдад суулгалт өвчнөө халдаахгүй байхын тулд хүүхдийн баас хэвийн болсноос хойш 48 цагийн дараа айлд зочлох, тоглоомын талбайд тоглуулах, цэцэрлэгт нь явуулах зэргээр эрүүл хүүхдүүдтэй ойртуулдаг байх нь чухал.

Эх хүүхдийн ягаан дэвтэрт Хүүхдийн суулгалт өвчнийг гэртээ хэрхэн эмчлэх вэ гэсэн зөвөлгөө байгааг уншиж танилцаарай. 2-оос доош насны хүүхдийн суулгалт өвчний эмчилгээнд нянгийн эсрэг бэлдмэл (стоп диар, фузид, фталазол, левомецитин, гентамицин) хэрэглэх нь үр дүнгүй төдийгүй сөрөг нөлөө үзүүлдэг болохыг анхаарна уу. Түүнчлэн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сааруулагч (имодиум/имопек), бөөлжилтийн эсрэг (церукал/церуглан) болон нойр булчирхайн (мезим форте) бэлдмэлүүдийг хөхүүл болон бага насны хүүхдийн суулгалтын эмчилгээнд хэрэглэдэггүй гэдгийг мэддэг байвал зохино. Мөн шингээх үйлдэлтэй (идэвхижүүлсэн нүүрс, фосфалюгель, энтростоп, смекта), ургамалын гаралтай бэлдмэлүүдэд (диарекс, боннисан, плантекс) ч болгоомжтой хандах хэрэгтэйг анхааруулж байна.

No comments:

Post a Comment